<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

С.Ганбаатар Ерөнхийлөгч болох юм бол

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сүүлийн шат руугаа орж байх шиг байна. Сурталчилгааны хугацаа, түүнээс ч өмнө эхэлсэн зарим намын хар PR дуусаагүй л байна.

 

Бие бие рүүгээ чиглэсэн хар мэдээлэл ихэвчлэн нэр дэвшигчдийн өнгөрсөн амьдрал, туулж өнгөрсөн замнал, тэр ч бүү хэл хувь хүний нууц байж болох асуудалд нэвтэрч байгааг ажиглагчид, судлаачид хэлээд л байна. Гэвч зогсох янз алга. Мэдээж хэрэг, сонгуулийн сурталчилгааны сүүлийн хэдэн өдөрт ийм төрлийн мэдээ галзуурч таарна.

 

Харин нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд “...Хар PR бус хийх ажлаараа өрсөлдье” гэж байгаа. Үүндээ ч хүрч байх шиг байна.

 

Учир нь тэрээр энэ сарын 17-ноос эхлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн  хувиар ард түмэнтэй Гэрээ байгуулаад эхэлжээ. С.Ганбаатар нэр дэвшигчийн Гэрээг сонирхож үзэв.

 

Тэрээр гэрээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлэн батлуулна гэж байна. Шинэ Үндсэн хуулийн төсөлд ...Монголын ард түмэнд төр, засгийн бүрэн эрхийг бүрмөсөн буцаан өгнө. Ард түмэнд байгалийн баялгийг тэгш өмчлүүлнэ. Монгол Улсын иргэнийг төр, засгийн хамгаалалтад авна. Хүний эрх, эрх чөлөөг найдвартай хангана. Шударга ёсыг бат бэх сэргээн тогтооно. Төр, засгийн бүх шатны байгууллага, албан тушаалтны хариуцлагыг эрс нэмэгдүүлнэ. Ард түмний оролцоотой, үр дүнтэй хяналтын тогтолцоог бий болгоно гэдгийг тодорхой заасныг тайлбарлажээ.

 

Мөн “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ”-г Монголын талд мөн адил ашигтай байх зарчимд нийцүүлэн өөрчлөн сайжруулж, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ард түмний дундын өмч болгоно.

 

Түүнчлэн МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо, МХАҮТ-ыг гурван талт хэлэлцээрт Засгийн газартай эн тэнцүү хэмжээнд оролцдог байх нөхцлийг ханган уг хэлэлцээрийг шинэ шатанд гаргана. Ингэснээр цалин, тэтгэвэр бодитойгоор нэмэгдэнэ. Хөдөлмөрийн үнэ цэнийг шинээр үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэнийг баталгаатай орлогын эх үүсвэртэй болгоно гэсэн байна.

 

Үүнээс гадна нийгмийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулж, төрийн өмчийн бүх шатны боловсролын, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг эрс чанаржуулан сайжруулж олон улсын стандартад ойртуулна. Ингэхдээ сурагч, оюутнуудын сургалтын төлбөр, олон хүүхэдтэй эхчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг тогтолцоо руу шилжүүлнэ гэсэн байна.

 

Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинэ технологи, инновацийг нэвтрүүлнэ. Тус салбарт ажиллагсдын мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадварыг сайжруулна. Энэ салбарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, гарцыг эрс нэмэгдүүлэн гадаадын зах зээлд гаргаж борлуулах боломжийг нэмэгдүүлнэ. Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болгоно.

 

Шударга ёсыг бат бэх сэргээн тогтоож, хууль, шүүхийн байгууллагын өнөөгийн хараат байдлыг арилгана. Хараат бус хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгон ажиллуулна. Хэнийг ч алагчилдаггүй хариуцлагын тогтолцоог бий болгоно.

 

Хот, хөдөөг тэнцвэртэй, эрчимтэй хөгжүүлж, Хархорин хотын 800 жилийн ойг тохиолдуулан тус хотын статусыг нэмэгдүүлэн хөгжүүлэх цогц бодлогыг гүн гүнзгий судалгаанд тулгуурлан боловсруулан хэрэгжүүлнэ. Чойбалсан хот, Чингис хот, Эрдэнэт хот, Дархан хот, Улиастай хот, Ховд хотыг аж үйлдвэржүүлэлтийн 4 дэх  хувьсгалын Төв цогцолборууд болгон хөгжүүлэх бодлогыг нарийвчлан боловсруулан хэрэгжүүлнэ. Азийн цагаан дагина болсон нийслэл Улаанбаатар хотын гудамжны түгжрэл, агаарын бохирдол, замбараагүй барилгажилт, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй орчин зэрэг тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, хот төлөвлөлтийг олон улсын жишгийн дагуу боловсруулан хийж хэрэгжүүлнэ.

 

Төр засгийн байгууллагууд, албан тушаалтнуудыг хариуцлагажуулж, Төр засгийн албан тушаалд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсийн нэр дээр гадаадын оффшор дансанд хадгалагдаж байгаа мөнгө, гадаад, дотоодод өөрийн болон ойр дотнын хүмүүсийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэгбүрчлэн гаргаж, тэдгээр мөнгө, хөрөнгийн эх үүсвэр хуулийн дагуу шударга бүрдсэн нь бодитойгоор батлагдахгүй бол шууд улсын орлого болгоно. Монгол Улсад шударгаар бизнес эрхлэн баялаг бүтээх үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, төр засгийн байгууллага, албан тушаалтнаас баялаг бүтээгчдийг элдвээр шахан хавчих, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хүнд суртал гарган хүндрүүлэн удаах, чирэгдүүлэх явдлыг таслан зогсооно. Татварыг гагцхүү төр засаг болон баялаг бүтээгчдийн байгууллага хоорондын харилцан зөвшөөрснийг үндэслэн өөрчлөн тогтоодог байх шударга зарчмыг нэвтрүүлэн тууштай баримталдаг болгоно. Төр засгийн эдийн засаг, нийгмийн бодлогод үндэсний мөнгөн тэмдэгтийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэн хамгаалах тогтолцоо нэвтрүүлнэ.

 

Ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, Бүх шатны сонгуулийг шударга явуулах нь ардчилсан нийгмийн үндэс суурь мөн тул шударга сонгууль явуулах цогц тогтолцоог баттай бүрдүүлнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгааг таслан зогсоох, төр засгийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, хээл хахуулийг илчлэх, нийгэмд шударга ёсны харилцааг тогтоох зэрэгт чиглэгдсэн үйл ажиллагаа явуулахад нь бүхий л талаар дэмжинэ гэжээ.

 

Хамгийн гол нь нэр дэвшигч С.Ганбаатар энэхүү Гэрээндээ “...Сайнхүүгийн Ганбаатар миний бие Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн хувьд уг сонгуульд туйлын хариуцлагатай хандаж, энэхүү Гэрээг ард түмэнтэйгээ байгуулж, ард түмнийхээ дэмжлэгээр Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа тус Гэрээний зүйл бүрийг цаг хугацаа алдалгүй нэн даруй хэрэгжүүлэх үүрэг хүлээх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

 

Миний бие өндөр албан тушаалд очихын төлөө улайраагүй. Харин гагцхүү ард түмнийхээ эрх ашигт нийцсэн үйл хэрэг бүтээхийн тулд энэхүү сонгуульд нэр дэвшсэнээ үүгээр баталж байна. Би эдгээр ажлыг эхлүүлэх, хийх, үр дүнг нь гаргахад дөрвөн жилийн хугацаа хангалттай хэмээн үзэж байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөхгүй гэдгээ үүгээр ийнхүү ухамсартайгаар мэдэгдэж байна.

 

Миний бие ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа өөрөө болон миний гэр бүлийн гишүүдийн хэн нь ч авлига хээл хахуулийн асуудалд нэр холбогдохгүй гэдгээ хариуцлагатайгаар баталж байна.

 

Хэрэв би ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа энэхүү Гэрээг бүхэлд нь, эсхүл аль нэгэн зүйлийг нь үл хэрэгжүүлэх аваас албан тушаалаасаа шууд огцорно гэдгээ үүгээр батлан илэрхийлж байна.

 

Миний бие ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ард түмэнтэйгээ байгуулсан энэхүү Гэрээг хэрэгжүүлэхийн тулд төр засгийн бүх шатны байгууллага, албан тушаалтантай ажил хэрэгч харилцаа тогтоон идэвхтэй хамтран ажиллах бөгөөд хэрэв төр засгийн аль нэгэн байгууллага, албан тушаалтан миний ард түмэнтэйгээ байгуулсан уг Гэрээг болон түүний аль нэгэн зүйлийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл учруулвал буруутантай хариуцлага тооцно.

 

Уг Гэрээний хэрэгжилтийг хянах, энэ тухай иргэдэд мэдээлэх, хэрэгжилтийн явцад алдаа завхрал гарвал нэн даруй засахын тулд хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана.

 

Уг Гэрээний хэрэгжилтийн явцыг надад итгэж, надтай гэрээ байгуулсан ард түмэндээ жил бүр тайлагнаж байна.

 

Гэрээгээ 100 хувь хэрэгжүүлнэ” хэмээн амласан байна. Тиймээс ард түмэн түүний энэхүү гэрээг тун чиг тааламжтай хүлээж авч байгааг ажиглагчид бас хэлж байгаа юм. Монголчууд ярьдаг, буух эзэн буцах хаягтай юм сайхан гэдэг.

 

Түүн лугаа өөрийг нь дэмжих сонгогчидтой гэрээ байгуулж, С.Ганбаатар шиг “...Амласнаа хийхгүй бол намайг огцруулаарай” гэсэн аавын хүү өнөөдрийг хүртэлх 27 жилийн хугацаанд болсон сонгуулиудад байсан бил үү гэж бодоход хүргэв.

 

З.Болд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин