<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж Ц.ШАРАВДОРЖ: С.ГАНБААТАР ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХАНДИВ АВААГҮЙ. ЭНЭ БОЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГ

МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж нар өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон СЕХ-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт БНСУ-ы иргэн Ю Ван Сүгээс 50 сая вон өгсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер хуудсаар тархсан. Түүнчлэн БНСУ-ы иргэн Ю Ван Сүгээс нэр дэвшигчид 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирүүлсэн талаар СЕХ-ноос олон нийтэд мэдээлсэн юм. Уг асуудлыг ЦЕГ-аас шалгаж байгаа аж. Ц.Шаравдорж ярихдаа:

-С.Ганбаатар Өмнөд Солонгосын иргэнээс 50 сая вон авсан байна гэж хэвлэлээр шуугиж байна. С.Ганбаатар хууль зөрчиж, хандив аваагүй. Яригдаад байгаа асуудал бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Монголын улстөрчид сонгуульд гарч ирэхийн тулд гадаадын улс орон, гадаадын иргэдийг татан оролцуулдаг болжээ. Энэ нь улс орны тусгаар тогтнолд нөлөөлнө. Хандив өгсөн гэх Ван Сү-гийн талаар хэн ч мэдэхгүй байна. Сонгуулийн ерөнхий хороо түүнийг гэнэт гаргаж ирсэн. Гадны хүн яагаад Монголын улстөрд оролцож байна вэ гэдэг нь гайхашрал төрүүлж байна. Үнэхээр 50 сая вон өгсөн бол тэр хүн өөрөө ч гэмт хэрэгт холбогдоно.

Иргэнээ тагнаж, чагнах нь хэвийн үзэгдэл боллоо. Өмнөд Солонгосын иргэн Ван Сү-г ашиглахын тулд улстөрчид их зүйлийг боловсруулж, зохион байгуулсан байна. СЕХ улс төрийн захиалгаар ажиллаж байна. Тэд МАНАН бүлэглэлийн гар хөл болжээ. Энэ хороог татан буулгах зайлшгүй шаардлага үүсч байна. СЕХ хуулиа барьж ажиллах ёстой юм бол 60 тэрбумын асуудал, оффшор бүсэд 1,1 тэрбум ам.доллар хадгалуулсан тухайд яагаад дуугарахгүй байгаа юм бэ гэв.
Тэрбээр мөн “МАХН энэ удаад ч, өмнө ч сонгуульд оролцохдоо хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. БНСУ-ын иргэн Ю Ван Сү гэгч хэн болохыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоогүй байхад СЕХ олон нийтэд зарласан нь хууль бус үйл ажиллагаа. Энэ бол С.Ганбаатарын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа асуудал гэж ярилаа.

Эх сурвалж:Өнөөдөр сонин