<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

С.Ганбаатар би бууж өгөхгүй, МАНАН-тай эцсээ хүртэл тэмцэнэ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын  сурталчилгааны хаалтын ёслол өнөөдөр 20:00-22:00   цэгт  Эрх чөлөөний талбайд боллоо. МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар энэ үеэр өрсөлдөгч намууд, МАНАН бүлэглэл миний нэрийг татуулах арга замыг хайж, элдэв арга хэрэглэж байна. Би бууж өгөхгүй,  МАНАН-тай эцсээ хүртэл тэмцэнэ  гэж  мэдэгдлээ.

 

Ёслолын ажиллагаа эхлэхээс  бараг нэг цагийн өмнө Эрх чөлөөний талбайд нийслэлийн иргэд, МАХН-ын  гишүүд, дэмжигчид цугласан байв.  Энэ үеэр нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар Булган аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийгээд  замд яваа гэсэн мэдээлэл  зохион байгуулагчдад  ирж байв.

 

20.20 цагт талбайд хуран цугласан олон нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг хүрэлцэн иртэл  “Чөлөөт индэр” ажиллуулж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх давалгаа өрнүүлсэн юм. Энэ давалгаанд нэгдсэн иргэд нийгэмд үүссэн шударга бус байдал, баян, ядуугийн ялгаа, оффшорчидтой тэмцэх тэмцэл яагаад сул байгаа тухай, Ардын намынхан 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбумаар хэрхэн төрийн эрх барих боломжийг олж авсан тухай үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байлаа. 20.45 цагт  нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар талбайд ирж, тайзан дээр намын дарга,  гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, журмын  нөхөд, хамтран зүтгэгэчид, өөрийг нь дэмжиж хамтарч ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ын бүх төлөөлөлтэй хамт  гарч ирж, хаалтын ёслолын ажиллагааг албан ёсоор нээсэн юм.

 

 

 

С.Ганбаатар би бууж өгөхгүй,  МАНАН-тай эцсээ хүртэл тэмцэнэ  гэв

 

Сүүлийн үед МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатартай холбоотой сайн, муу олон мэдээлэл гарч байгаа. Түүний нэг нь Солонгосын иргэнээс 50 сая вонн авсан гэх гүтгэлэг, эвлүүлэг юм. Тэрээр  хэлэхдээ “Миний өрсөлдөгчид, МАНАН бүлэглэл намайг унагаах гэж янз бүрээр үзэж, элдэв арга хэрэглэж байна. Бүр сүүлдээ зохион байгуулалттай, тавилттай жүжиг бэлтгээд олон нийтийн тайзан дээр тоглуулж байна. Түүнийгээ мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацаж байна.

50 сая вон гэх асуудал тийм зүйл. Намайг харлуулж, яаж ч гүтгэлээ гэсэн би бууж өгөхгүй. МАНАН бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ. Би Монголын ард түмэндээ  МАНАН-г ялна гэж амласан. Ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулахын төлөө “Есөн хүсэл, есөн зорилт”-ыг дэвшүүлсэн. Амлалтаа биелүүлж, хэлсэндээ хүрэх баталгааг ард түмэндээ өгч, ард түмэнтэйгээ гэрээ байгуулсан. Зорьсноо биелүүлэхэд дөрвөн жил хангалттай, иймд би дахин нэрээ  дэвшүүлэхгүй. Ерөнхийлөгч болоод ах дүү, хамаатан садандаа илүү эрх мэдэл өгөхгүй. Амласнаа хэрэгжүүлэхгүй аваас албан тушаалаа өгч өөрийн хүсэлтээр огцорно гэж гэрээндээ тусгасан. Ард түмэнтэйгээ хамт МАНАН-г ялъя гэсэн, би хэлсэндээ хүрнэ, бууж өгөхгүй” гэлээ. Мөн тэрээр  “Худал хар PR, гүтгэлгээр сонгуулийн сурталчилгааг будлиантуулж, олон нийтийн сэтгэл санааг үймүүлж байгаа МАНАН бүлэглэлээс аливаад шударга хандахыг шаардаж байна” гэж мэдэгдлээ.

 

Энэ үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн энэ сонгуульд МАХН зөв хүнээ сонгож нэр дэвшүүлсэн. Ард түмний эрх ашгийг хамгаалж чадах, олон нийтийн хүсэл хүлээлтэд нийцсэн нэр дэвшигчийг хайж олж нэр дэвшүүлсэн. Бид Сайнхүүгийн Ганбаатартаа итгэж байгаа. Намайг дэмждэг бүх хүн түүнд саналаа өгөөрэй” хэмээн уриалав.

 

Ц.Шаравдорж: Сайнхүүгийн Ганбаатарын  нэрийг  татах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй

 

Үүний дараа Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж сонгуулийн үйл явц, үүсээд буй нөхцөл байдлын эргэн тойронд дүгнэлт хийснээ сонгочг олонтойгоо хуваалцаж, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр “МАХН-аас нэр дэвшиж байгаа Сайнхүүгийн Ганбаатарыг уухайн түрлэгээр хүлээж авч байгаа ард түмэндээ баярлалаа.  Монголчуудын хувьд, улс орны хувьд хариуцлагатай сонгууль тулж ирлээ. Улс орны бүрэн бүтэн, аюулгүй байдал, хойч үеийн амар тайван амьдрах нөхцлийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль шийднэ. Энэ бүгдийн төлөө чин сэтгэлээсээ зовж явдаг тийм Төрийн тэргүүнийг л бид сонгох ёстой. Монгол нэг л биш гэдгийг бид  их дээрээс мэдсэн. Баян хоосны ялгаа хэтэрч, цөөн хүн байгалийн баялгаас ашиг олж баяжлаа. Одоо цааш хугацаа байхгүй. Одоо Монголын хувь заяа шийдэгдэх гэж байна. Ардчилал гэж яриад хүний эрхийг хөсөрдүүллээ, өнгөрсөн он жилүүдэд. Өдгөө Сайнхүүгийн Ганбаатарыг гаргахгүйн төлөө эрх баригчид улайрч байна. Үнэнийг хэлэхэд, МАН,АН-ын  нэр дэвшигчдийн рейтинг унаж, Сайнхүүгийн Ганбаатарын рейтинг нэгдүгээрт гараад ирэхээр эрх баригчид амиа алдах гэж буй мэт орилж, бүх аргыг хэрэглэж байна. өнөөдөр хууль, шүүхийн ямар ч үндэслэлгүй байхад зохиомол, зохион байгуулалттай, урдаас бэлдсэн тавилттай жүжгийг бий болгож, дээрээс үүрэг  даалгавар авсан хуулийн байгууллагынхан  хэрэг бүртгэл хийж  шүүхэд өгсөн. Өнөөдөр шударга ёс алга. Сайнхүүгийн Ганбаатарыг хууль зөрчсөн, бусдаад мөнгө авсан гэсэн хоёр зүйлээр эрх баригчид  буруутгах гэж оролдож байна. Гадаадын иргэнээс мөнгө авсан гэж байгаа ч тэр этгээдийг эрх баригчид өөрсдийн мөнгөөр зориуд урхидаж, зохион байгуулалттай жүжиг тавьж байгааг шуудхан хэлье, бид үүнийг мэдэж байгаа. Энэ бол нотлох баримтгүй, үндэслэлгүй асуудал. Тиймээс Сайнхүүгийн  Ганбаатарын нэрийг татах хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Үүнийг би хуульчийн хувьд энэ индрээс зориуд  хэлье. МАХН хүнээ олж нэр дэвшүүлсэн. Манай нэр дэвшигч Улаанбаатарын газрыг зараагүй, улсын өмчийг хувааж идээгүй, лиценз аваагүй, харин 13 жил Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, цалин, тэтгэврийг нь нэмүүлж тэмцэж ирсэн хүү юм. Иймд энэ хүүгээ дэмжье, “Босоо” хүүдээ саналаа өгөөрэй гэв.

 

Бусад нэр дэвшигч, тухайлбал М.Энхболдын сонгуулийн сурталчилгаанд урлаг, соёлын одууд бөөнөөрөө оролцож байгаа. С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгаанд  урлаг, соёлын оддоос  “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ үзэл бодлоо илэрхийлэн тууштай оролцож байгаа. Тэрээр хаалтын ёслолд нэр дэвшигчид хандивын хайрцагийг хүлээлгэж өгөхдөө “Би эхлээд энэ хүнийг хүндэлдэг байлаа. Одоо шүтдэг болсон. Энэ бол түүнийг таньсан миний үзэл бодол” гэв. Л.Ган-Эрдэнэ сонгуулийн сурталчилгаанд  өөрийн сэтгэлээр оролцож байгаа, өдрийн хоолны мөнгө ч авахгүй байгаа гэдгийг  С.Ганбаатарын  сурталчилгааны багийнхан хэллээ.

 

Ч.Зотол

Эх сурвалж: sonin.mn